Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн хөтөлбөрийн товч танилцуулга:
Тулгар төрийн 2233, Их Монгол Улсын 818, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлтийн хөтөлбөрийн товч танилцуулга:
Монгол Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолын чухал хэсэг бол төрийн есөн хөлт цагаан сүлдийг төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслол юм. Энэхүү ёслолыг Монгол Улсын зэвсэгт хүчний хүндэт харуулын цэргүүд тогтсон дэг, ёсны дагуу үйлддэг. Төрийн есөн хөлт цагаан сүлдийг эзэн Чингис хааны үеэс эрхэмлэн дээдэлж, тахин шүтэж ирсэн ба есөн хөлт цагаан сүлд нь Монгол Улсын тусгаар тогтнолын билиг тэмдэг, Ард түмний үндэсний бахархал юм. Энэ удаа төрийн хөлт цагаан сүлдийг залах ёслолын үеэр 13 дугаар зууны үеийн харанга, хэнгэрэг дэлдэж, олон зуун бүрээ, бишгүүр эгшиглэнэ. Тухайн үзүүлбэр нь эртний Монгол наадмын ёс заншил бөгөөд төрийн есөн хөлт цагаан сүлдийг сүр жавхлантайгаар залсны дараа наадмын хойморт эзэн Чингис хааны эш хөргийг нээж, Монгол Улсын төрийн тахилгатай 13 хайрханы мод, бутны дээжээр үндэсний их гал голомтыг бадраана.
Наадмын хойморт нарны аймгийн есөн гараг эргэлдэж, дэлхий ертөнц дээр амьдрал үүсч буй дүр зургийг үзүүлнэ. Чингэхдээ зах хязааргүй тэнгис далайн уснаас хамгийн анх Монгол Алтайн нурууны оргил цухуйж, ертөнцийн ууган эх газар бүрэлдэж буйг харуулна. Улмаар эртний Монгол нутагт амьдарч байсан үлэг гүрвэлүүд дахин амилж, наадмын талбайг доргиулан орж ирэх ба үүнтэй зэрэгцэн балар эртний хүмүүс гал олж, чулуун зэвсэг хийж, хадан дээр сүг зураг зурж, отог, овгууд бий болсон түүхийг сануулна. Энэ үед Монголын алдарт “Уяхан замба тивийн наран” уртын дууг мянга, мянган жилийн тэртээх онгон зэрлэг байгалийн дуу чимээтэй хослуулан нүүдэлчдийн ууган шүтлэг нар, сарыг билигдсэн хоёр уртын дуучин дуулна. Монгол Ардын уртын дуу “Уяхан замба тивийн нар” нь, нарны аймгийн есөн гараг, түүн доторх дэлхий ертөнцийн тухай өгүүлдэг өнө эртний үг, аялгуу юм.
Монгол Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд 2223 жилийн тэртээгээс алдарт Хүннү гүрний их хаан Модун шаньюй морилон ирнэ. Түүнийг морилон ирэхэд наадмын талбайд галт шувуу дүүлж, хүчит луу галаар үлээж, Хүннүгийн баатар эрс хүрэл, төмрийг хайлуулан сэлэм, жад давтаж, Хүннү охид хангарьд шувуу хандгай барьж буй дүр, дүрстэй Ноён уулын археологийн дурсгалаас илэрсэн хосгүй үнэт хивсийг шинээр нэхнэ. Модун шаньюй хаан Монголчуудын ууган шүтлэг, бишрэл наран, саранг дээдлэн үзүүлж, Монгол язгуурын рок хөгжим нүргэлж, Монгол хүн хөх тэнгэрээ тахиж буй дуу эгшиглэнэ... Хүннү гүрэн бол Нийтийн тооллын өмнөх 209 онд Модун шаньюй хааны байгуулсан Монголчуудын анхны эзэнт гүрэн юм. Энэхүү эзэнт гүрний газар нутаг нь дэлхийн түүхэнд хоёрдугаарт бичигддэг ба түүний өмнө Эзэн Чингис хааны байгуулсан Их Монгол Улс жагсдаг. Хүннү гэдэг нь “Хүн” гэсэн үг юм.
Монгол Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолд эртний алдарт хотууд нүүж ирнэ. Чингис хааны байгуулсан Аураг Орд хот цэнгэлдэх хүрээлэнд айлчилж ирэх ба тэнд илд харшиж, эртний их найрал хөгжим эгшиглэж, овог аймгууд тэмцэлдэж, ордны бүжгийг 13 дугаар зууны Монголын язгууртнууд бүжиглэнэ. Мөн Чингис хааны хүлэг баатрууд илд, бамбайгаар модон тэрэг, хэрэм цайз, судар ном бүтээж харуулна.
Их хаан төр улсаа захирч, зарлиг тушаал буулгаж байсан анхны нийслэл бол Аураг орд юм. Энэхүү хот нь 1220 оныг хүртэл Их Монгол Улсын нийслэл байсан төдийгүй, дэлхий ертөнцийн өнцөг булан бүрээс алба татвар, алт мөнгө хуралдаж, газар газрын хаад, ноёд, аялагч, жуулчид зорин ирж, дагаар орж, Монголын их эзэнт гүрний сүр хүчийг бахдан, биширдэг байсан билээ. Наадмын нээлтийн энэхүү үзүүлбэрт Монголчуудын язгуурын шүтээн гал, нар, сар гурав газарт бууж харагдах болно.
Их баяр наадмын нээлтийн ёслолын сэтгэл догдлуулсан хэсгүүдийн нэг бол төв цэнгэлдэх хүрээлэнд Хархорум хот сүндэрлэн босч ирэх мөч юм. Ертөнц дахины хамгийн том газар нутагтай, хамгийн хүчирхэг төр засагтай Их Монгол Улсын нийслэл Хархорум хот төв цэнгэлдэх хүрээлэнд гэнэтхэн сүндэрлэн босч, тансаг чамин орд харшууд нь амилан, найман зууны тэртээх амьдрал өрнөж, ноёд, хатад, жанжид, цэрэг дайчид, энгийн ардууд үзэгдэж, олон улс орны элч, худалдаачид ирж, буцаж, Их Монгол Улсын хоёр дахь их хаан Өгэдэй сэнтийдээ заларч, домогт мөнгөн модноос дөрвөн төрлийн идээ, ундаа урсах болно. Энэ үед Хархорум хотын ордны их найрал дуучид Монгол шүтлэг гал, нар, сар гурвын сүрэнд Өгэдэй хааны зарлигийн дуулалыг хэрхэн эгшиглүүлэхийг сонсоорой.
Ийнхүү Монгол Улсын эртний түүхийг дэлгэж үзүүлсний дараа бид гайхамшигтай хүмүүстэй уулзах болно. Тэдгээр хүмүүс Монгол язгуурын гал, нар, сар шүтээнээр үндэсний тусгаар тогтнолын билиг тэмдэг болсон алтан Соёмбыг бүтээж, тэрхүү албан соёмбо шүтээнээ туг сүлдэн дээрээ залж, эрх чөлөө тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж, улс орноо хөгжил дэвшлийн шинэ замд хөтлөн оруулж, хүн төрөлхтөн сансарт нисэхээс хэдэн арван жилийн өмнө суу ухаанаараа Марс гарагийг судлаж, одон гарагт хүрэх замыг Монгол хүний авъяас билгээр замчилсан юм...
Үүний дараа бид амьдралын үүсэл рүү эргээд очих болно. Гэтэл тэр нь амьдралын үүсэл биш байвал яах вэ? Харин бидэнд хэлэхийг хүссэн байгаль эхийн үг байвал яах вэ? Байгаль эхийн үг ямар дүрстэй, ямар дуутай, ямар утга агуулгатай гэдгийг Монгол Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол толилуулна. Энэхүү хэсгийн дараа дэлхийн дуу эгшиглэнэ. Дэлхийн дууны утга дотор ээж гэсэн үг байна. Ээж гэсэн үгэнд дэлхийн тухай хөгжим байна. Монгол хүн дэлхийг ээж шиг ээ, ээжийгээ дэлхий шиг ээ хайрладаг болохыг Монгол наадмаас мэдрээрэй.
Монгол Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслол Монгол Улсын түүх соёл, Монгол хүний сэтгэл зүрхийг нээж үзүүлнэ.
Та сайхан наадаарай.